МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ
БАРИЛГЫН ГЕОДЕЗИЙН АЖИЛ
GEODETIC WORK IN CONSTRUCTION
I. ЕРӨНХИЙ ХЭСЭГ
1.1. Хэрэглэх хүрээ
Энэхүү дүрмийг шинээр барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ барьж байгуулах, өргөтгөх, сэргээн засварлах үед геодезийн ажил гүйцэтгэх, түүнийг шалгаж хүлээн авахад мөрдөнө.
Барилгын геодезийн ажлыг гүйцэтгэхдээ барилга байгууламжийн зориулалт, бүтээцийн онцлогийг харгалзан баталсан улсын стандарт, яам, мэргэжлийн хяналтын байгууллага, геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мөрдөгдөж буй заавар, дүрэм, норм, журмыг нэгэн адил дагаж мөрдөнө.
1.2. Ишлэл
Энэ норм ба дүрмийг дор дурдсан техникийн норматив баримт бичигт нийцүүлэн боловсруулав. Үүнд:
1.Барилгын норматив баримт бичгийн тогтолцоо. Үндсэн журам. БНбД 10-01-99
2.Барилга байгууламжийн инженерийн судалгааны нийтлэг үндэслэл. БНбД 11-07-04.
3.Геодезийн ажил. БНбД 3.01.03-88
4.Геодезийн цэг, тэмдэгт байгуулах заавар. УГЗЗГ. 1984
5. 1: 5000, 1:2000, 1:1000, 1:500-ны масштабтай байр зүйн дэвсгэр зургийн томъёолсон тэмдэг. УГЗЗГ. 2002 он
6.Геодези, зураг зүйн нэр томъёо. ШУТИС. 2000 он.
7.Нивелир шалгах, шинжлэх заавар. УГЗЗГ. 1992 он
8.Теодолит шалгах, шинжлэх заавар. УГЗЗГ. 1992 он
9.Улсын геодезийн сүлжээний цэгийн төв, реперийн альбом. УГЗЗГ. 1984 он
1.3. Нэр, томьёоны тодорхойлолт
Энэ дүрэмд орсон үндсэн нэр, томьёоны тодорхойлолтыг хавсралт 16-д харуулав.
2.ҮНДСЭН ДҮРЭМ
2.1.Барилгын геодезийн ажлыг барилга байгууламжийн зураг төслийн баримт бичигт тусгагдсан нарийвчлалыг хангахуйц хэмжээнд хийж гүйцэтгэнэ.
2.2.Барилгын талбайд гүйцэтгэх геодезийн ажлын бүрдэлд:
2.2.1.Барилгын талбайд барилга, инженерийн шугам сүлжээ байршуулах барилга байгууламжийн үндсэн буюу гол тэнхлэг (томоохон ба нарийн төвөгтэй объект, 9-өөс дээш давхар барилга, тэдгээрийн гаднах талбайд барилга, байгууламж байршуулах геодезийн үндэслэлийн тор байгуулах), гол (магистраль) шугаман байгууламж, мөн технологийн тоног төхөөрөмжийн угсралтын тэнхлэгийг газарт шилжүүлэх үндэслэл байгуулах;
2.2.2.Барилга байгууламжийн угсралтанд зориулагдсан үндсэн ба гол тэнхлэгүүдийн тэгш өнцөгт торон сүлжээ, шугаман барилга байгууламжийн угсралтанд зориулагдсан геодезийн гол (магистраль) сүлжээ байгуулах;
2.2.3.Инженерийн нарийн хийцтэй технологийн тоног төхөөрөмжийн ажлын зургийн дагуу эхлэлийн цэг ба гурван хэмжээст геодезийн үндэслэл байгуулах
2.2.4.Барилга байгууламжийн овор хэмжээсийн (параметр) нарийвчлалыг шалгах геодезийн хэмжилт явуулах, гүйцэтгэлийн зураг зохиох;
2.2.5.Барилга байгууламжийн тэг түвшин (±0.00)-ээс дээш буюу доош гүйцэтгэх барилга угсралтын геодезийн ажил гүйцэтгэх;
2.2.6.Зохиогчийн хяналт болон мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтоож, төслийн баримт бичигт тусгасан барилга байгууламжийн суурь, бүтээц, тэдгээрийн хэсэгт гарсан хэв гажилтыг тодорхойлох геодезийн хэмжилт хийх;
2.2.7.Барилга байгууламжийг барихад шаардагдах бэлтгэл ажил болох зам, гарц, краны зам, төмөр зам, аюулгүйн зурвас, инженерийн хийцтэй түр байгууламжуудыг зураг төсөлд заасны дагуу гүйцэтгэх:
2.3.Барилга, инженерийн байгууламжийн суурийн хэв гажилтыг тодорхойлох геодезийн хэмжилтийн арга, нарийвчлал, тавигдах шаардлагыг УСТ 3672-84, УСТ 2021-82-оор тогтооно.
2.4.Барилга байгууламжийн геодезийн ажил нь барилга угсралтын үед гарч болох хэв гажилт, суулт, хазайлт, гулсалт, тасралт, газар хөдлөлт болон болзошгүй аюулаас гарч болох хохирлыг урьдчилан мэдээлэх, зургаар болон тоон мэдээллээр хангах, барилга угсралтын ажлыг зогсооход чиглэгдэнэ.
2.5.Инженерийн нарийн хийцтэй болон 9-өөс дээш давхар бүхий барилга барихад геодезийн ажил гүйцэтгэх төсөл-даалгавар боловсруулж хэрэгжүүлнэ.
2.6.Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ барих ажлын үед хийгдэх геодезийн ажлын үндэслэлийг баталсан төсөл-даалгавар, ажлын зурагт тусгаж өгнө.
2.7.Геодезийн хэмжилтийн багажийг тухайн ажлын хэмжээ, зориулалт, нарийвчлалаас хамааруулж сонгоно.
(Хавсралт 1-5).
2.8.Барилга угсралтын ажилд хэрэглэх геодезийн хэмжлийн багаж хэрэгслийг Геодезийн хэмжил зүйн лаборатораар улирал тутам хийлгэж, дуу чимээ доргилт ихтэй, газар доорх байгууламж болон чийгтэй, тэсэлгээ хийгддэг газарт хэмжилт хийх багажийг сар дутам тус тус шалгуулж, баталгаажуулна.
2.9.Барилга байгууламж барих талбайг чөлөөлөх, буулгах ажил хийсний дараа геодезийн ажлыг эхлэн гүйцэтгэнэ.
2.10. Босоо төлөвлөлтийн аргаар барилга угсралтын түвшинд геодезийн цэгийн солбицол, өндрийг дамжуулахдаа ажлын зурагт тусгагдсан цахилгаан шат угсрахад зориулсан нүх, технологийн болон хучилтад гаргасан 15х15 см-ээс багагүй хэмжээтэй тусгай нүхийг тус тус ашиглана.
3. БАРИЛГА (БАЙГУУЛАМЖ)–ЫН ГЕОДЕЗИЙН ҮНДЭСЛЭЛ БАЙГУУЛАХ
3.1.Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний байрлалыг геодезийн цэг тэмдэгтүүдээр бэхлэгдсэн геодезийн үндэслэлийн сүлжээ байгуулж тодорхойлно.
3.2.Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ барих геодезийн үндэслэлийг тухайн барилга байгууламжийн талбайд болон бүсэд байрлах хотын байрлал, өндрийн геодезийн сүлжээний цэгүүдтэй холбож байгуулна.
3.3.Геодезийн үндэслэлийг барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний зай хэмжээний зураг ашиглаж тодорхой төслийн дагуу байгуулна.
3.4.Геодезийн үндэслэл байгуулах ажлын төслийн бүрдэлд:
- геодезийн үндэслэл байгуулах төслийн зураг;
- тулгуур цэгүүдийн болон төслийн цэгүүдийн солбицол ба өндрийн каталог;
- геодезийн цэг, тэмдэгтийн зураг;
- геодезийн үндэслэл байгуулах нарийвчлалыг тусгасан тайлбар бичиг зэрэг багтана.
3.5.Барилгын геодезийн үндэслэлийн төслийн зургийг боловсруулахдаа барилга барих дараалал, төлөвлөлтийн үе шат, хугацааг харгалзан гүйцэтгэнэ.
3.6.Геодезийн үндэслэл байгуулах төслийг барилгын талбайн ерөнхий төлөвлөгөөний дэвсгэр зурагтай уялдуулан зохино.
3.7.Барилга байгууламжийн геодезийн үндэслэл байгуулахад:
3.7.1.Барилгын талбайд одоогоор байгаа барилга байгууламжийн болон инженерийн шугам сүлжээний байршилт, мөн тэдгээрийг байршуулах төсөлтэй уялдуулсан байх;
3.7.2.Үндэслэлийн цэгүүдийн бат бэх байдал, устаж үрэгдэхгүй хадгалагдах нөхцөлийг хангасан байх;
3.7.3.Барилга байгууламжийн орчны геологийн ба цаг уур, хөрсний динамик процесс болон бусад хүчин зүйлийг нарийн тооцсон байх;
3.7.4.Геодезийн үндэслэл нь шинээр барих барилга байгууламж, инженерийн шугам сүлжээий угсралтын геодезийн хэмжилт, гүйцэтгэлийн зураглал хийх, цаашдын ашиглалт, түүний өргөтгөл, сэргээн засварлалт хийх зэрэг ажилтай сайтар уялдуулсан байх шаардлагатай.
3.8.Барилга байгууламжийн талбайн геодезийн үндэслэлийн торыг барилга, инженерийн шугам сүлжээний үндсэн ба гол тэг тэнхлэгийн таталт, гүйцэтгэлийн зураглал хийхэд ашиглах зориулалтаар байгуулна.
3.9.Барилгын талбай дахь геодезийн үндэслэлийн торыг доорх хэлбэрээр байгуулна. Үүнд:
3.9.1.Тэг тэнхлэг болон барилгын бусад шугам;
3.9.2. 50 ба 100 эсвэл 200 м талтай барилгын тор. Барилга байгууламжийн талбайд геодезийн үндэслэлийн тор байгуулах загвар бүдүүвчийг хавсралт 7-д үзүүлэв.
3.10.Барилга, байгууламжийн талбайд байгуулах геодезийн үндэслэлийн торын тэнхлэгүүд болон тэнхлэгүүдийн огтлолцлоор үүссэн цэгүүдийг хийцийн тэмдэгтээр бэхэлнэ. (Хавсралт 7-г үз)
3.11.Барилга байгууламжийн талбайд байгуулах өндрийн сүлжээг улсын нивелирдлэгийн сүлжээний 2-оос доошгүй марк, реперт тулгуурласан сэлгэцээр байгуулна.
Барилгын геодезийн байрлал, өндрийн үндэслэлийн сүлжээний цэгүүд нь заавал давхацсан байх ёстой.
3.12.Барилгын геодезийн үндэслэлийг GPS, триангуляци, полигонометрийн сэлгэц, огтлолын ба бусад аргаар байгуулна.
3.13.Барилгын талбайд геодезийн үндэслэлийн тор байгуулах нарийвчлалыг хүснэгт 1-д, барилга байгууламжийн гаднах геодезийн тор буюу гол тэнхлэгийн тэг таталтын нарийчлалыг хүснэгт 2-т харуулав.
.jpg)